30 1 сар

Эрчим хүчний шилдэг инженерүүд өдөрлөг боллоо

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос "Эрчим хүчний шилдэг инженерүүд” өдөрлөгийг өчигдөр УБЦТС ТӨХК-ийн хурлын танхимд зохион байгуулжээ.

Өдөрлөгт Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүд, инженерүүд оролцож, 2017 онд манлайлж ажилласан инженерүүдэд "Монгол Улсын шилдэг инженер” батламж, үнэмлэхийг гардуулсан байна.

Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн "Инженерүүдийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлийн хүчинд эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж байдаг. Энэ ч утгаараа манай инженерүүдийн хүчин чармайлтын үр дүнд Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцын өргөтгөл, Ухаа худаг, Өмнөговь аймаг дахь цахилгаан станц зэргийг барьж байгуулсан. Цаашдаа эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, төсөв, мөнгөний хэрэглээг багасгах, эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өртгөтгөх, шинээр барих, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэгт Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, өдөрлөгт ирсэн чадварлаг инженерүүдийн санал санаачилга юу юунаас чухал юм” хэмээжээ.

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон эрчим хүчний салбар 11 мянга гаруй ажилчидтай. Үүнээс гурван мянга гаруй нь "Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”-ны мэргэжлийн инженерүүд байдаг. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, авьяаслаг, чадварлаг, мэргэжилдээ эзэн болсон шилдэг инженерүүдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаад 18 шилдэг инженер тодорч батламжаа гардаж авч байна. Энэ онд инженерүүдийнхээ бүтээлийг нэмэх зорилгоор эрчим хүчний бүтээлч инженер, эрчим хүчний хэмнэлтийн шилдэг төсөл, эрэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийн уралдаан зарлах болно. Мөн эрчим хүчний салбараас 2018 оныг "Хэмнэлт, үр ашгийн жил” болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний сайдын тушаал ч гарсан. Эрчим хүчний салбарын хэмнэлт үр өгөөжийг дээшлүүлэх ажилд инженерүүдийн хүчин чармайлт чухал” гэсэн байна. 

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо нь инженерүүдийн хүсэл эрмэлзлэлийг эрхэм болгож, тэдний эрх ашгийг хамгаалах, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан бөгөөд одоогоор гишүүдийнхээ өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, төрийн болон салбар яамны бодлогот инженерүүдийн санал, санаачлагыг тусгах, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг зорьж буй юм. Ойрын хугацаанд инженерүүдийн хөгжилд анхаарч бүтээлч ажил, уралдаан тэмцээнийг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.


Sidebar Menu